Saturday, April 23, 2011

Халх гол - Хилийн тэнгэр цэлмэг байгаасай...

PC дээрээсээ хэрэгтэй файлаа хайн хамаг folder-оо нэгжиж байгаад санамсаргүй өнгөрсөн зун Дорнод аймагт судалгаанд явж байхдаа авсан зургуудуу нээж үзлээ. Өнгөрсөн зуны хөгжилтэй, сайхан дурсамжуудаа эргэн саналаа. Ажлаа хийнгээ аялсан сайхан өдрүүд байсансан. Бүтэн сарын турш бүхээгтэй ногоон фургоноороо үүрийн таван жингээс үдшийн бүрэнхий хүртэл айлаас айлын хооронд сэгсрэгдэж явсан хэдий ядарснаа ч мартмаар сайхан газруудаар сайхан хүмүүстэй уулзаж явсан даа. Халх гол, Хамар даваа, Хайлааст манхан, 1939 он... ахмад буурлуудын маань цусаа урсган тэмцэж, хамгаалж явсан газар нутаг. Одоо ч тэдний маань үргэлжлэл болсон хилчин залуучууд маань энхийн цагт эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй сахин хамгаалж байна. Халх гол, Буйр нуурын эрэг дээр байрлах "Хилийн ... дугаар застав" заставын дарга нь 25-тай, орлогч нь 23-тай шижгэнэсэн сайхан залуучууд, ийм залуухан дарга нар байдаг гэж бодож байгаагүй болохоор их гайхаж бас бахархаж билээ. Морьтойгоо Халх голыг гатлан харуулд гарч, харуулаас бууж ирэх хилчдийг харахад үнэхээр бахадмаар сүрлэг юм билээ. Яагаад ч юм 1939 онд байж үзээгүй ч гэсэн тэр цаг үед очсон юм шиг мэдрэмж төрсөнсөн. Бид тэр шөнө застав дээр хоносон. Шөнийн харанхуйд ширүүн бороо орж, ширүүн салхи хуучин муу байшингийн дээврийг ховх шидэхнэ үү гэмээр тачигнуулан улин исгэрэх нь аймшигтай сонсогдож байсан хэдий ч эрэлхэг хилчдээр хамгаалуулан хонож байгаа гэж бодохоор тайван байсан. Гэсэн хэдий ч хил дээр харуулд гарсан залуус маань яаж байгаа бол гэж санаа зовж байлаа. Тэр л үед би "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" гэсэн дууны үгний утгийг ойлгож билээ. Ийм эрэлхэг хөвгүүдээрээ бид бахархах хэрэгтэй. Энэ л хүмүүс надад энгийн хэрнээ эгэлгүй сайхан санагдаж билээ. Тэд маань одоо ч хил дээрээ буугаа үүрэн харуулд зогсож байгаа даа. Хилийн тэнгэр цэлмэг байгаасай...

No comments:

Post a Comment