Нэгэн чулуучны түүх Нэг чулуучин эр байж гэнэ. Тэрээр өдөр бүр ууланд гарч хад чулуу тогшиж, хагалж авсан чулуунуудаараа янз бүрийн сийлбэр хийдэг байв. Тэгж явахдаа нэгэн худалдаачинтай таарч, олон улс орнуудаар явж худалдаа наймаа хийх нь сайхан, хялбар ажил шиг санагдаж, бурханаас "Бурхан мины намайг худалдаачин болгож өгөөч" гэж гуйж гэнэ. Бурхан хүсэлтийг нь ёсоор болгожээ. Нөгөө чулуучин эр худалдаачин болоод их сайхан байж гэнэ. Гэтэл бараа таваараа ачаад явж байтал дээрэмчид довтолж хамаг эд барааг нь дээрэмдэж өөрөө арай гэж зугтаж гарчээ. Тэгээд нэгэн өдөр хотоор явж байтал хаан явж байжээ. Хааныг зарц дагуулууд нь дагаж, бүх хүмүүс хүндэтгэн, сайхан хувцас өмсөж, сайн хоол идээд хамгийн аз жаргалтай юм шиг санагдаж гэнэ. Дахин бурханаас "Намайг хаан болгож өгөөч" гэж гуйж, бурхан хүсэлтийг нь биелүүлжээ. Хаан болсон чулуучин маань хүссэн болгоноо эдэлж хэрэглэн их л жаргалтай сайхан байжээ. Гэтэл хаан ширээг нь булаах гэж хуйвалдагчид түүнийг хорлохыг оролдож хаан байх нь хэцүү амь насанд нь ч халтай болж иржээ. Нэг өдөр гадаа сууж байтал нар түүнийг хурцаар шарж гэнэ. Би хаан хүссэн болгоноо хийдэг байтал энэ нарыг яаж ч чадахгүй юм гэж боджээ. Тэгээд ерөөсөө л нар болъё гэж шийджээ. Бурханаас нар болгож өгөхийг гуйхад түүнийг нар болгожээ. Нар болоод их сайхан байж хүссэн болгоноо хурцаар шараад, бүхнийг гийгүүлээд л хэн ч түүнийг дээрэмдэхгүй, амь насанд нь халдах гэж оролдохгүй сайхан байжээ. Гэтэл нэг өдөр түүнийг үүл халхалчиж гэнэ. Үүлийг яаж ч хөөгөөд үүл холдохгүй байжээ. Тэгээд үүлнээс чи яагаад надаас холдохгүй байгаа юм бэ гэтэл намайг зөвхөн салхи л хөөж чадна. Салхи байхгүй бол би эндээс хаашаа ч хөдөлж чадахгүй гэж хэлжээ. Нар болсон чулуучин маань бурханаас салхи болгож өгөөч гэж гуйж, салхи болжээ. Салхи хаа сайгүй салхилж бүх л зүйлийг байшин барилга, тэр бүү хэл ургаа модыг ч булга татан исгэрэн салхилж хамаг хүч чадлаа гайхуулан сайхан байжээ. Ганцхан уулыг л яаж ч чадсангүй гэнэ. Хамаг хүч чадлаараа салхилж шуураад ч түүнийг дийлсэнгүй. Уул байрандаа л дүнхийн байх юм гэнэ. Тэгээд бурханаас уул болгож өгөөч гэж гуйжээ. Бурхан түүнд энэ бол чиний эцсийн хүсэлт шүү! би дахин чиний хүсэлтийг биелүүлэхгүй, чи сайн бод гэжээ. Салхи болсон чулуучин маань эргэлзэлгүйгээр уул болохыг хүсжээ. Бурхан хүсэлтийг нь биелүүлж тэрээр уул болжээ. Хэн ч түүнийг дээрэмдэхгүй, алах гэж оролдохгүй, нар хичнээн ч шарсан, салхи шуурсан ч огт ажрахгүй сайхан байжээ. Гэнэт түүний энэ тайван сайхан, жаргалтай байдлыг нь эвдэн хажуу бөөрнөөс нь хэн нэг нь хагалж тогшоод эхэлж гэнэ. Гайхан хартал тэр нь чулуучин хүн байжээ.
Хүмүүс бид яг л энэ чулуучин эр шиг байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй алдар нэр, албан тушаал, эд хөрөнгөнд шунан дурлаж ханаж цадахыг мэдэхгүй улайран хөөцөлдөж эцэг эх, гэр бүл, үр хүүхдээ бүр сүүлдээ өөрийгөө ч мартан амьдардаг. Ганган гар утас, үнэтэй машин, хээнцэр тансаг байшин, таны хүсэж шунан олж авсан бүхэн тань үнэхээр таны жинхэнэ аз жаргал мөн болов уу? Таны хүсээд, хайгаад байгаа тэр аз жаргал тань хажууд тань байгаа юм биш биз. Та эргэцүүлээд нэг бодоод үзээрэй. Нэгэн ухаантай хүнээс Яавал аз жаргалтай болох вэ? гэхэд Хүн хүслээ хязгаарлаж чаддаг болсон тэр цагтаа л аз жаргалтай болно доо гэж хариулсан гэдэг.
No comments:
Post a Comment